Эрүүл мэнд
Covid-19 дархлааг бууруулдаг байж болзошгүй
Ухань хотод судалгаа явуулж буй эрдэмтэд коронавирусийн шинэ төрөл хүний уушги болон дархлааны системд эргэлт буцалтгүй хөнөөл учруулдаг байж болзошгүй гэж таамаглажээ. Жуннань эмнэлгийн ажилтан Пэн Жиюн өвчтөн эдгэрсний дараа ч насан туршдаа амьсгал давхцах эмгэгтэй үлдэж магадгүйг анхааруулав. Тэрээр “Covid-19-ийн хүнд үзүүлдэг нөлөө нь уушги болон дархлааны системийг гэмтээдэг учир вирусийн хурц синдром ба ДОХ-ын вирус хоёр хавсарсан шинжтэй юм” хэмээн тайлбарлав.
Үүнээс гадна шүүх эмнэлгийн шинжээч Лю Лян нас барсан өвчтөнүүдийн цогцост задлан шинжилгээ хийсэн судалгаанаас үзэхэд өвчлөлийн эхний шатанд уушгийг хамгаалах нь маш чухал аж. Ноён Пэн цааш нь “Өнөөгийн нөхцөлд өвчлөлийн эртний шатанд арга хэмжээ авч, өвчтөний уушгинд эргэлт буцалтгүй фиброз үүсэхээс хамгаалах шаардлагатай” хэмээн онцлов. Фиброз гэдэг нь уушгинд сорвит эд үүсэж, чөлөөтэй амьсгалах замыг саатуулдаг эмгэг юм. Хятадын эрх баригчид 2019 оны 12-р сарын сүүлээр төвийн бүсийн Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх амьсгалын замын халдвар дэгдсэнийг ДЭМБ-д мэдээлсэн.
Мэргэжилтнүүд өвчин үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг тогтоож чадсан юм. Уг өвчлөлийг эдгээх эм болон урьдчилан сэргийлэх вакциныг өнөөг хүртэл боловсруулж чадаагүй байна. Гэвч ДЭМБ шинэ коронавирусийг эмчлэхэд хэрэглэх ёсгүй аргуудыг нэрлэжээ. Тухайлбал, кокайн, хүүхдийн шээс, сезамын тос болон сармис халдварын үед тус болохгүйг анхааруулав. Түүнчлэн хүйтэн газар байх, цахилгаан хатаагчаар гараа хатаах зэрэг нь ямар ч нэмэргүйг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн ДЭМБ-ын санамжид хэт ягаан туяаны чийдэн, спиртээр арчих зэрэг нь Covid-19 вирусээс хамгаалахгүй гэж үзжээ. Харин ч эдгээр зүйл арьс болон салст бүрхэвчийг гэмтээж болохыг сануулсан байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ