Covid-19
Хятадад өчигдөр илэрсэн нийт халдварын тохиолдлын 40 хувь нь гадаадаас орж иржээ
Хятадын эх газарт өчигдөр буюу Мягмар гарагт коронавирусийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тэдгээрийн 40 хувь нь буюу 10 тохиолдол гадаад орноос зорчиж ирсэн хүмүүсээс илэрсэн байна. Эдгээрээс Бээжин хотод бүртгэгдсэн зургаан тохиолдлын тав нь Италиас, нэг нь АНУ-аас зорчиж ирсэн хүмүүсээс илэрчээ. Ингэснээр хилийн чанадаас Хятадад нэвтэрсэн халдварын тоо нийтдээ 79 болж байна.
Үлдсэн 14 тохиолдол нь Хятадын дотоодод халдварлажээ. Эдгээрийн нэгээс бусад нь бүгд Covid-19 вирусийн голомт болох Ухань хотод бүртгэгдсэн байна.
Өчигдөр Хятад даяар нийт 22 өвчтөн нас барсан нь бүгд Хубэй мужид бүртгэгджээ.
Шинэчилсэн тоо баримтыг тооцвол Хятад даяар өнөөдрийг хүртэл шинэ коронавирусийн халдварын нийт 80,778 тохиолдол бүртгэгдэж, 3,158 өвчтөн нас бараад байна.
Өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархалт дэгдсэнээс хойш анх удаа Covid-19 вирусийн голомт Ухань хотод зочилж, нөхцөл байдалтай танилцжээ.
Эх сурвалж: South China Morning Post