Covid-19
Иранд “Covid-19”-өөс сэргийлэх худал мэдээнд итгэсэн 27 иргэн алкоголийн хордлогоор нас баржээ
Дэлхийн дахинд лхагва гаригийн байдлаар 118 оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан батлагдсан 119176 тохиолдол, 4295 нас баралт бүртгэгдээд байна. Энэ нь дэлхийн нэг сая хүн амд ногдох “Covid-19”-өөр халдварласан хүний тоо 15.3-д хүрсэн гэх үзүүлэлт юм.
Нийт идэвхтэй халдвар авсан 48264 өвчтөн байгаагийн 87 хувь буюу 42217 хүний харьцангуй хөнгөн байдлаар өвчилсөн, 13 хувь буюу 6047 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд хүрчээ. Харин өвчтөний түүх хаагдсан 70912 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 94 хувь буюу 66617 хүн эдгэсэн бол үлдсэн зургаан хувьд нь нас баралт бүртгэгджээ.
Макао, Непал, Шри-Ланка, Гибралтар гэх дөрвөн улс өвчлөлгүй орнууд болжээ. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улс, Турк, Ямайк, Бүгд найрамдах ардчилсан Конго, Чаннел Арлууд, Болив зэрэг орнуудад халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ.
БНХАУ – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 56.1
БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан ердөө 24 тохиолдол 22 нас баралт бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдлууд нь бүгд “Covid-19”-ийн халдварын хамгийн том голомт болсон Хубэй мужид бүртгэгджээ. Хятадын Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар мягмар гаригт халдвараас эдгэсэн 1578 өвчтөн эмнэлгээс гарчээ.
Тус улсад өнөөдрийн байдлаар 3158 нас баралт бүртгэгджээ. Харин халдвар авсан 80778 тохиолдол гарсны 61481 өвчтөн халдвараас бүрэн эдгэж эмнэлгээс гарсан бөгөөд лхагва гаригийн байдлаар урд хөршид 16139 идэвхтэй халдварласан тохиолдол байгаагаас 4794 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд байгаа аж.
Итали – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 167.9
Европ тив дэх шинэ төрлийн коронавирусийн хамгийн том голомтод тооцогдож буй Итали улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан батлагдсан 977 тохиолдол, 168 нас баралт бүртгэгдлээ. Ийнхүү тус улсад нийт халдварласан хүний тоо 10149-д, нас барсан иргэдийн тоо 631-д хүрээд байгаа нь БНХАУ-ын араас бичигдэх үзүүлэлт юм. Хятадад нийт халдвар авсан иргэдийн 80 хувь гаруй нь эдгээд байгаа бол Италид халдвар авсан иргэдийн ердөө 10 хувь буюу 1004 өвчтөн эдгэжээ. Одоогоор тус улсад идэвхтэй халдвар авсан 8514 иргэн байгаагийн 877 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд хүрчээ.
Иран – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 95.7
Исламын бүгд найрамдах Иран улс нь Ойрхи Дорнод дахь шинэ төрлийн коронавирусийн хамгийн том голомтод тооцогдож буй. Тэгвэл тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан 881 тохиолдол, 54 нас баралт бүртгэгджээ. Нийт халдвар авсан иргэдийн тоо 8042-д хүрсэн бөгөөд үүнээс ойролцоогоор 30 хувь буюу 2731 өвчтөн эдгэсэн байна. Харин нас барсан иргэдийн тоо 291-т хүрчээ.
Ираны төрийн мэдлийн “IRNA” агентлагийн мэдээлснээр даваа гаригт тус улсад алкоголийн хордлогын улмаас 27 хүн нас барсан байна. Эдгээр иргэд нь алкоголь хэрэглэснээр “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэх худал ташаа мэдээнд итгэсний улмаас муу чанарын алкоголь хэтрүүлэн хэрэглэжээ. Учир нь тус улсад бүх төрлийн алкоголийг хуулиар хориглодог бөгөөд иргэд хууль бусаар архи, согтууруулах ундааг гэрийн нөхцөлд, чанарын шаардлага хангаагүй болон техникийн спирт зэргээр найруулж, хэрэглэн улмаар хордох, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг аж.
Өмнөд Солонгос – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 151.3
Япон – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 4.6
БНХАУ-аас гадна Ази тив дэх шинэ төрлийн коронавирусийн томоохон голомт болоод байсан Өмнөд Солонгос болон Япон улсуудад өвчний дэгдэлт харьцангуй намжиж, тархалтыг хяналтдаа оруулж эхэлсэн талаар тухайн орнуудын Эрүүл мэндийн байгууллагуудын эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл сүүлийн 24 цагийн байдлаар Өмнөд Солонгост шинээр халдвар авсан 227 тохиолдол, 7 нас баралт бүртгэгдсэн бол Японд 57 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо Өмнөд Солонгост 7755, нас баралт 60 хүрээд байгаа бол Японд тохиолдлын тоо 587, нас баралт 10 болжээ.
Франц – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 27.3
Испани – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 36.3
Герман – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 18.7
Итали улсаас гадна Франц, Испани, Герман зэрэг Европын орнуудад шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж буй. Тухайлбал, сүүлийн 24 цагийн байдлаар Францад шинээр халдвар авсан 372 тохиолдол, 3 нас баралт бүртгэгдсэн бол Испанид 464 тохиолдол, 6 нас баралт, Германд 341 тохиолдол бүртгэгджээ. Франц улсад нийт халдвар авсан хүний тоо 1784, нас баралт 33, Испанид 1695 тохиолдол, 36 нас баралт, Германд 1565 тохиолдол, 2 нас баралт бүртгэгдээд байна.
АНУ – Нэг сая хүн амд ногдох “Covid-19”-ийн халдвар авсан батлагдсан тохиолдол – 2.9
АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан 271 тохиолдол, 4 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 975, нас барсан иргэдийн тоо 30-д хүрчээ.
Ойролцоогоор 8.6 сая хүн амтай Нью-Йорк хотод мягмар гаригт шинээр халдвар авсан 173 тохиолдол бүртгэгдсэн юм. Тус хот нь АНУ дахь “Covid-19”-ийн эрчимтэй голомт болох эрсдэл үүсээд буй. Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо мягмар гаригт Нью-Йорк хот дахь халдварын хамгийн халуун цэг болоод буй хойд хэсгийн Нью Рошель руу Үндэсний харуулын корпусыг илгээж, тусгаарлах, нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр танилцуулсан. Тус муж нь шинэ төрлийн короанвирусийн дэгдэлтийн эсрэг энэ төрлийн тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн АНУ-ын анхны муж болсон юм.
Эх сурвалж: WHO.int, worldometers.info, Caixin Global