Яам
ЭМЯ: СOVID-19-өөс сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах арга хэмжээгээ улам эрчимжүүлнэ
Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлээр ахлуулсан коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх, хянах тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдрийн 00:25 минутад ДЭМБ Коронавируст халдвар “Цар тахал”-ын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан хуралдлаа.
Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож цар тахал зарласан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ сүүлийн хоёр долоо хоногт коронавируст халдвар (СOVID-19) эрчимтэй тархсан, вирусийн хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин гараагүй зэргийг үндэслэн эрсдлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан гэлээ.
Хэдий цар тахал хэмээн зарласан ч үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд уг вирусийг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна. Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч байгааг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Иймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдвараас сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, эмчилгээний талаар авч байгаа арга хэмжээгээ улам эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд салбарын ажилтнуудад даалгаллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.