Эрүүл мэнд
Б.Нарантуяа: Тусгаарлах байранд 39 резидент эмч ажиллаж байна. Тэд хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан
Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг СOVID-19 халдварын цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр эмч нарыг хэрхэн дайчлахад бэлтгэн сургаж буй талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс товч танилцууллаа.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа хэлэхдээ “Улсын онцгой комиссын шийдвэрээр резидент буюу үндсэн мэргэжлээр сурч буй эмч нарын бэлэн байдлыг хангах, дайчлан ажиллуулах чиглэл өгсний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв ажиллаж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 20 сургалт эрхлэгч байгууллагад нийт 1,842 резидент эмч суралцаж байна. Үүнээс 1,489 суралцагч эмчийг нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд долоон удаа COVID-19 халдварын үед үзүүлэх тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтад хамруулсан.
Түүнчлэн НЭМГ болон НҮБ-ын Монгол дахь шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран тархвар зүйн судалгаа хийх сургалтыг дөрвөн удаа зохион байгууллаа.
Энэ сургалтын хүрээнд хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ныг хүртэл 190 резидент эмч нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоонд халуун үзэж, тархвар зүйн судалгаа хийн ажиллаж байна.
Постууд дээр ажиллаж байгаа резидент эмч нарын хэрэгсэл, хангамжийг НЭМГ болон судалгааг явуулж буй олон улсын байгууллага хариуцаж буй юм.
Мөн 14 хоногийн тусгаарлалтад дайчлагдан ажиллах резидент эмч нарыг ХӨСҮТ–тэй хамтран иргэдийг тусгаарлан байршуулах газарт нь, тухай бүрт нь ажиллуулж, сургалтын ажлыг зохион байгуулан ажиглалтад ажиллах бэлэн байдлыг хангаж байна.
Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажиглалтын зургаан байранд найман удаагийн нислэгээр ирсэн иргэдэд ахлах эмчээр удирдуулсан 39 резидент эмч тусламж үзүүлж байгаа.
Тэдгээр ажиглалтад ажиллаж буй эмч нарыг ДЭМБ–ын өгч буй зөвлөмжийн дагуу өдөр тутмын нэг удаагийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж буй. Мөн тэдгээр эмч нарыг ажиллагаа дайчилгаанаас буухад бүгдэд нь цалин олгохоор байгаа” гэв.