Эдийн засаг
МОНГОЛБАНК: Ариг банкны эздийн хооронд үл ойлголцол үүсэж, ТУЗ нь ажиллах чадваргүй болсон
Ариг банканд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон талаар мэдээлж байна. Тус банканд өнгөрсөн баасан гарагт бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм.
Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус банк Төв банкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тус банкны ТУЗ хуралдаж чадахгүй буюу эрх зүйн чадамжаа алдсан. Иймд тус банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд харилцагч хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Тус банк бүрэн эрхт төлөөлөгчийг хүлээн авсан байна.
Төв банкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан дараах мэдээллийг өглөө:
Бид Ариг банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээг авахаар боллоо. Банкны эздийн хооронд маргаан гарч, ТУЗ-ийн гишүүдээ бүрэн томилж чадахгүйд хүрсэн. 2019 оны эцсийн байдлаар тус банк өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх шаардлагуудыг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэвийн. Иймд бид тус банкны удирдлагыг түр хугацаанд хүлээн авсан. Зохистой засаглалыг сэргээн, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсний дараа бүрэн эрхт төлөөлөгчийг эргүүлэн татна. Хуульд нэг хүртэл жилийн хугацаатай томилохыг зөвшөөрдөг ч бид энэ удаад гурван сарын турш ажиллуулна.
Иймд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид тайван байж болно. Албан бус мэдээнд бүү автаарай. Энэ банк банкны системийн 0.3 хувийг эзэмшдэг.
Бүрэн эрхт төлөөлөгч гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Энд банк татан буугдах тухай асуудал байхгүй. Бүрэн эрхт төлөөлөгчөөр чухам хэнийг томилсныг ил тод зарлах шаардлага байхгүй гэв.