Covid-19
Коронавирусийн халдвар аваад байсан жүжигчин Ольга Куриленко бүрэн эдгэрснээ мэдэгджээ
2008 онд Жэймс Бондын “Quantum of Solace” киноны гол дүрд тоглож, алдаршсан жүжигчин бүсгүй Ольга Куриленко өнгөрсөн долоо хоногт шинэ коронавирусийн халдвар авч, өөрийгөө тусгаарлаад байгааг мэдээлж байв.
Тэгвэл тэр бүрэн эдгэрснээ Ням гарагт өөрийн сошиал хуудсанд зарлажээ.
Куриленко амны хаалт зүүж, хүүгээ өвөр дээрээ суулгасан байгаа гэрэл зургаа өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн байна.
Covid-19 өвчинтэй хоёр долоо хоногийг хэрхэн өнгөрүүлснээ тэр дэлгэрэнгүй бичсэн байна.
“Эхний нэг долоо хоногт миний бие маш муу байснаас ихэнх хугацааг орондоо хэвтэж өнгөрүүлсэн. Өндөр халуурч, толгой хүчтэй өвдөж байв. Хоёр дахь долоо хоногт халуурахаа больсон ч хөнгөн ханиалгаж, маш их сульдаж ядарч байлаа. Харин хоёр дахь долоо хоногийн сүүлээр би бүрэн эдгэрлээ. Миний бие сайн байна! Одоо би элдэв зүйлсийн талаар эргэцүүлж, хүүтэйгээ цагийг өнгөрөөж байна” гэж тэр бичжээ.
Одоо 40 настай, Украинд төрсөн Куриленко нь Франц улсын иргэн бөгөөд Лондон хотод дөрвөн настай хүү, найз залуугийн хамт амьдардаг юм.
Эх сурвалж: Independent