Дэлхий
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч Их Долоон гүрний ээлжит чуулган энэ сард АНУ-д болох төлөвлөгөөтэй байгаа.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн цар тахалтай холбоотойгоор G7 чуулганыг ирэх намар хүртэл хойшлуулах санаагаа өчигдөр илэрхийлжээ.
Тэр бас G7-г өргөжүүлж G11 болгох санаачилгаа энэ үеэр танилцуулсан байна. Трамп ирэх чуулганд Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг урьж оролцуулахаар төлөвлөжээ.
Тэрбээр өчигдөр Флоридагаас Вашингтонд ирэх замдаа онгоцонд сэтгүүлчидтэй уулзах үеэр одоогийн бүрэлдэхүүн хэт хоцрогдсон, дэлхий нийтийн хэрэг явдлыг шийдвэрлэх боломжгүй болсон гэж тайлбарласан байна.
Их Долоогийн шинэ бүрэлдэхүүнд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гүрэн Хятад багтаагүй нь анхаарал татаж байна. Ажиглагчид үүнийг Хятадын эсрэг улсуудын бүлэглэлийг байгуулах Трампын оролдлого гэж дүгнэжээ. Дональд Трамп сүүлийн үед коронавирусийн цар тахал дэгдээсэн бурууг Хятад улсад тохож, хоёр орны харилцаа дахин муудаад байгаа. Үүнд Хонг Конгийн өөртөө засах эрхэд Бээжингийн эрх баригчид халдсан явдал нэмэр болж байна.
Бямба гарагт Германы засгийн газар цар тахлын нөхцөл байдал сайжрахгүй бол канцлерь Ангела Меркель чуулганд оролцохгүйг мэдэгдсэн юм.
Одоогийн Их Долоогийн бүрэлдэхүүнд АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи багтдаг.
Чуулганыг даргалах үүргийг эдгээр долоон гүрэн жил бүр ээлжлэн гүйцэтгэдэг юм.
Дональд Трамп ерөнхийлөгч болсон цагаасаа хойш Их Долоод ОХУ-ыг нэмэх санаа гаргаж байгаа ч зарим гишүүн орнууд эсэргүүцсээр иржээ.
ОХУ нь 1997 оноос хойш G7 чуулганд уригддаг болсон ч 2014 онд Крымийн хэрэг явдалтай холбоотойгоор хасагдаж байжээ.
Эх сурвалж: Bloomberg