Бидэнтэй нэгд

Энтертайнмент

MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын амжилтын түүх

Нийтэлсэн

Эрхэм Ж.Оджаргал. MCS хэмээх гадаад үгний товчлол Оджаргал гэх нэр хоёр Монгол хэлний үгсийн санд хоршоо үг байх ёстой мэт ээнэгшжээ. Балчир ахуйдаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон хүүд бурхан их баялагийн эзэн байх, манлайлагч байх хувь заяаны бэлгийг өгсөн юм болов уу. Юутай ч тэр өнөөгийн Монголын хүчирхэг бизнесменүүдийн жагсаалтыг манлайлж байна…

Алдарт “Кока-кола”-гийн шинэ тэргүүн томоохон үйлдвэрийн захирлуудаа Шанхайд урин нүсэр хүлээн авалт зохион байгуулж байлаа. “Кока-Кола”-гийн гурван том үйлдвэрлэгчийн нэг, “Шангри-Ла” зочид буудлын сүлжээ­гээрээ дэлхий дахинд алдаршсан “Кэри групп”-ын тэргүүн Боу Кок дээр нэгэн туранхай шар залуу очиж гар бариад “Би эх орондоо “Шангри-Ла”-г босгомоор байна” гэж хэлэв. Боу Кок уг залуутай хүлээн авалт өндөрлөтөл элэгсэг дот­но ярилцсан нь хүндэт зочдын атаархлыг, бас гайхлыг тө­рүүлсэн юм. Уулзалтын дараагаар уг залуугаас хятад түнш нь “Чи Боу Коктой юу ярьчихав аа?” гэж асуухад цаадах нь “Хамтарсан компани байгуулж “Шангри-Ла”-г эх орондоо босгохоор боллоо” хэмээн маш товчхон хариулж, нүдийг нь орой дээр нь гаргах шахсан гэдэг. 

“Кэри групп”-ын эзэд болох эцэг, хүү Роберт Кок, Боу Кок нартай уулзаж хамтарсан компани байгуулах нь бүү хэл тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай л харьцдаг том хүмүүс билээ. “Кэри групп”-ын тэргүүнтэй уулзаж чад­сан сайхь азтай, бас аргатай эр бол “МСS групп”-ын ерөнхийлөгч Ж.Оджаргал байсан юм. Consulting serviсе буюу зөвлөгөө өгөх бизнес эрхлэхээр компани байгуулахад нь зах зээлийн жинхэнэ утгын тухай ойлголтгүй хүмүүс нэг л эргэлзэнгүй хандаж байсан гэдэг. Гэвч өдгөө “МСS групп”-ын хэмжээгээр жилдээ 30 илүү тэрбум төгрөгний татвар төлж, хувийн хэвшилдээ манлайлж байна. Тэр энэ тухайгаа “2005 онд татвар төлөлтөөр манай өмнө Мобиком орсон. Энэ жил харин гүйцэж түрүүлсэн учраас бага зэрэг тайвширлаа” гэсэн нь татвараас бултах биш бүр ахиу төлөхийн төлөө зүтгэж хөдөлмөрлөж байгаа нь ойлгогдох байх. Чухам дээрх үгс энэ эрхэмийг хэр цараатай бизнесмэн болохыг илтгэж байгаа юм. “Онц” сурдаг, нийгмийн идэвхи сайтай жаал газар шагайн товч, бөглөө цуглуулж явдаг байсан нь одоогийн байнга шинийг эрэлхийлж байдаг зангийнх нь эхлэл гэлтэй. Дунд сургуульд эцэг, эхээсээ хагацсан өнчин хүү Украинд суралцахаар явж, хойно наймаа хийхийн зэрэгцээгээр сургуулиа “онц” төгссөн гээд дандаа л амьдралын төлөө тэмцсэн он жилүүд байдаг. Компанийнхаа ажлыг уран ба­рилга босгохтой зүйрлэдэг энэ бизнесмэн өдгөө мөнгө бус шинэ салбарт үйлдвэр босгож, ажилтнуудынхаа нүүр царайд инээмсэглэл тодрохоос таашаал авдаг болсон гээд тоочвол барагдахгүй сонин бий.

 

“МСS”-ийн эзэнт гүрнийг үндэслэгч Оджаргал 1965 онд Баянхонгор аймгийн төвд Жамбалжамцын таван хүүхдийн дундах нь болон төржээ. Багад нь гэрээрээ хотод шилжиж ирсэнээр Сансар хороололд суурьшжээ. 1973 онд 33-р сур­гуульд орж 1983 онд төгссөн бөгөөд багадаа “хэнхэгдүү” хүүхэд байсан гэж өөрийгөө тодорхойлдог. “Онц” сурдаг болохоор ч тэр үү, аль эсвэл зохион байгуулах авъяасыг нь харсан уу бүлгийн даргаас эхлээд дандаа л удирдах ажил хийлгэдэг байлаа. Түүнийг дунд сургуульд байхад аав, ээж хоёр нь бурхан болсоноор эмээ нь ах, дүү тавыг хүн болгосон юм. Ж.Оджаргал их сонин хүүхэд байлаа. Цаг ямагт газар шагайн юу ч юм эрж явна. Товч мовчхон цуглуулсанаа эмээдээ өгдөг байсныгаа тэр өнөөдөр дурсан ярих дуртай. Мөн хүүхэд насны хамгийн дурсамжтай үе пионерийн зусланд цахилгаан хөгжим тоглодог байсан тэр цаг мөч. Хөгжмийн бүлэгт орчи­хоод гадаадын хамтлагуудын дууг дуулахад буруу зөвийг ч мэдэхгүй үеийнх нь хүүхдүүд тэднийг шимтэн сонсдог байсан нь түүнд үнэхээр жаргалтай мөчүүд байсан нь ойлгомжтой. Ж.Оджаргал “онц” сурч байж л амжилтад хүрнэ гэдгийг сайн ойлгож байсандаа ч тэр үү 10-р ангиа төгсөөд уралдаант шалгалт өгч эхний гурван байранд орсоноор дуртай сургуулиа сонгох боллоо. Түүнд “Кибернетик” гэдэг  цоо шинэ үг их гоё санагдсан учраас Цахилгаан схемийн кибернетикийн ангийг сонгох нь тэр. Тэр үед компьютер гэж байгаагүй болоод ч тэр үү “Электрон тооцоолох ма­шин” гэдэг нь бүр ч хүчтэй санагдсан учраас Киевийн Поли­техникийн дээд сургуульд орохоор болсон нь энэ. Хил да­вахад түүнд Монголд үйлдвэрлэсэн “Альбатрос” гэдэг пүүзнээс өөр зарах бараа бүү хэл ганц ч рубль байсангүй. 60 рублийн тэтгэмж нь хаанаа ч хүрэхгүй байснаас тэр наймаа хийх болжээ. Өөрт нь зарах бараа байхгүй учраас бусдынхаа тарваган малгай, польш оюутнуудын жийнсэн өмдийг зарж өгнө. Уг наймаа нь хоолны мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал бий болгосон гэхээр наймааны авъяастай байсан нь ойлгогдож байна.

 

Бараагаа заруулж буй хүнд “Би ашгаа гаргаж авна” гэдгээ нуудаггүй байсан бөгөөд хажуугаар нь “онц” сурах ёстой гэдгээ ч  мартаагүй юм. Гуравдугаар дамжаанд орох үест товхийсэн мөнгөтэй болчихсон байсан учраас трельяж, мотоциклын поршень гээд л багагүй ашиг унагах барааг Монгол руу зөөдөг боллоо. Гэхдээ түүний амьдралдаа хийсэн хамгийн ашигтай наймаа нь тамхины цаас зарсан явдал. 1986 онд зуныхаа амралтаар тамхины цаас авч ирсэн нь бараг л 25 дахин нугарч зарагдсан гэдэг. Дотроо 500 ширхэгтэй бичгийн машины А4-ийн хэмжээтэй цаас 58 копейкээр авсанаа 50 төгрөгөөр нэгэн сумын наадам дээр гурав дөрөвхөн цагийн дотор зарчихсан аж. 50 төгрөгөөр авсан цаасыг овоо дөнгүүр татдаг хүн л гэхэд хоёр жил хэрэглэсэн гээд бодохоор хэн хэн нь гомдолгүй хоцорсон байх. Тэр цаас хэн хүнд олдоод байсангүй. Худалдагч нартай нэлээд дотно харьцаж байж л салгадаг байсан аж. Ж.Оджаргал амьдралдаа тийм их ашигтай наймаа хийж үзээгүй гэж өдгөө дурсан ярьдаг. Уг наймаанаасаа тэр 30 гаруй мянган төгрөг олсон бөгөөд 1987 онд хуримаа хийхдээ зарцуулж байжээ.

 

1989 онд сургуулиа төгсч ирээд Төвийн эрчим хүчний системд инженерээр ажилд оров. 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцыг босгоход Азийн хөгжлийн банкны дэмж­лэгтэйгээр техник, эдийн засгийн үндэслэл тооцоог хийх болсон учраас орон нутгийн зөвлөхөөр ажиллах болсон юм. Уг төсөл дээр Швейцарийн “Electrowatt” компанийнхантай хамтран ажилласнаар зөвлөх үйлчилгээ буюу “Consulting business” эрхэлбэл болох юм байна гэсэн сэтгэгдэлтэй үлд­сэн гэдэг. Ийм бизнес эрхлэхээр шийдсэнээ ганц хоёр хүнд дуулгахад ердөө ч ойшоож үзээгүй учраас чимээгүйхэн зүт­гэхээр шийджээ. Ингээд Самбасанчир, Бямбадорж, Батхүү гэдэг гурван найзтайгаа хамтран “Mongolian Consulting Service” хэмээх үгийн товчлол “МСS” компанийг 1993 онд байгуулжээ. “МСS”-ийн анхны бизнес нь оргилуун дарсны наймаа байлаа. Эмэгтэйчүүдийн баярын өмнө оруулж ирсэн болоод ч тэр үү овоо зарагдав. Хувь нийлүүлсэн дөрвөн найз чухам аль салбарт бизнес эрхлэхээ ярьсанаар мөр, мөрөө хөөх нь дээр гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Самбасанчир, Батхүү хоёр нь наймаа хийх санал гаргасан бол Бямбадорж, Оджаргал нар зөвлөгөө өгөх нь дээр гэж үзжээ. Шинэ тутам байгуулагдаж байгаа компани олон салбарт зүтгэвэл хоёр туулай хөөсөн анчны үлгэртэй адилхан болох учраас эв түнжинтэйгээр салсан юм.

Бямбадоржтойгоо үлдсэн Ж.Оджаргал Урт цагаа­ны арын цэцэрлэгт өрөө түрээслэн ганцхан сандал, ширээтэй­гээр ажлаа эхлүүлэв. Анхных нь ажил Дэлхийн банкнаас таван мянган ам.доллараар санхүүжүүлсэн хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл байлаа. Өмнөх туршлага дээрээ тулгуурлан төслөө сайн боловсруулсанаар 20, 30 мянган долларын төсөл, судалгаа хийх болсон нь ойлгомжтой. Энэ хэрээр мөнгө, санхүүгийн тодорхой хуримтлал бий болгосноор орчин тойрноо арай л уужуухан харах боллоо. Өөрсдийнх нь өдөр тутмын ажилд ширээ, компьютер хэ­рэгцээтэй байгаагаас үлгэр аван “Анун” дэлгүүрийг бий болгосон гэдэг. Сингапураас саарал ширээ, сандал оруулж ирэн “Анун” төвөө байгуулжээ. Энэ нь сүүлдээ өргөжиж, 1997 онд “МСS”-ийн хөгжил Урт цагаанаас Статистикийн төв газарт гурван өрөө, Боловсролын яамны нэг, хоёрдугаар давхар хүртэл нүүдэллэж байснаас харагдах биз ээ. “Packard Bell” зэрэг олон брэнд бүтээгдэхүүний дистрибьютер болж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдав. Мөн Сингапурын нэгэн түнштэйгээ хамтран “Интерпресс” хэвлэх үйлдвэрийг байгуулсан нь бас л зах зээлээ олж мэдэрсэн хэрэг байлаа.

 

1997 оноос өмч хувьчлалын хоёрдахь үе шат эхлэнгүүт тэр чухам аль компанийн хувьцааг худалдаж авахаа сай­тар бодсоны эцэст “Спирт бал бурам”-ыг сонгожээ. 1998 он гэхэд тус компанийн 30 хувийг цуглуулж дөнгөсөн тө­дийгүй дуудлага худалдаанд оролцож, төрийн өмчийн 51 хувийг нь 650 сая төгрөгөөр өөрийн болгож чадлаа. “СББ” улсын монополь үйлдвэр байсан болоод ч тэр үү бүтээгдэхүүнээ бараг л арын хаалгаар шахам өгдөг, ер нь л хэвийн ажиллаж чадахгүй байсан юм. Уг үйлдвэрийг авсаны дараагаар  хувийн үйлдвэрүүд мэр сэр бий болсон учраас зах зээлийн өрсөлдөөнийг хэрхэн  давах талаар төлөвлөгөө боловсруулав. Үүний хариулт нь эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх явдал болж таарлаа. “СББ” компани “Хараа” нэртэй архи үйлдвэрлэдэг байсан ч хаяг, шошгоны өнгө үзэмж муутай, орон нутагтаа л хэрэглэгддэг төдий байв. Тиймээс “Хараа” архийг сайжруулан үйлдвэрлэж, нэр хүндийг нь өсгөн  хотын зах зээл дээр гаргахаар шийджээ. Ингээд 2000 оноос хот руу оруулж зарах гэтэл бүтэн сардаа хоёрхон авдар архи зарагдах нь тэр. Тэр үеэр “АПУ”-гийн хувьчлал яригдаж эхлээд байсан учраас тус компанийн бүтээгдэхүүнтэй өр­сөлдөх брэнд гаргах зорилт тавив.

 

Бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлж чадсан боловч хэрэглэгчээ олж, хүргэх нь чухал байлаа. Үүн дээр албан ёсны борлуулагчийн сүлжээ үр өгөөжээ өгчээ. 1999 онд “Procter and Gamble”-ын дистрибьютер болсоноор “Анунгоо” компаниа байгуулж Улаанбаатар хотод түгээдэг өөрийн гэсэн дистрибьютерийн сүлжээтэй болсон байлаа. Энэ жишгээр “Зүүнхараа трэйд” компаниа 2001 онд байгуулжээ.  “АПУ”-гийн хувьчлал явагдаж, ихээхэн хэрүүл шуугиантай байсан учраас бүтээгдэхүүнийхээ чанарт тавих анхаарал нь суларсан байв. Чухам л тэр үеэр маркетингийн чиглэлээр маш том ажлуудыг зохион байгуулж, реклам сурталчилгаанд гар таталгүй мөнгө хаяж чадсанаар зах зээлийг бүрэн эзэл­сэн юм. Хэдийгээр согтууруулах ундааг сурталчилахыг хуулиар хориглосон байсан ч “Спирт бал бурам”-ын “Сайн үйлсийн аян”, “Алсын хараатай амьдарцгаая!” зэрэг овжин рекламуудыг цацаж чадаж байлаа. Ингэснээр “Хараа” архи нь зах зээлийг бүрэн эзэлсэн төдийгүй “Хар Чингис” брэнд бий болгосон нь мөн л хэрэглэгчдийг татаж чадсан билээ. Үнэндээ архины зах зээлээс маш их мөнгө олдог нь бусад сал­барт хөрөнгө оруулах санхүүгийн эх үүсвэр болдог байх. Тэр бизнесийн амжилтаа хамт олон бий болгох тогтолцооноос эрдэг. Энэ бүх цогц асуудлыг шийдчихсэн байхад сүүлдээ юу ч хийж чадмаар санагддаг гэж ярина.

 

2001 онд АНУ-ын ЭСЯ-аас ““Кока-кола”-гийн үйлдвэр байгуулах тендер зарлагдах гэж байна. Оролцох уу?” гэсэн урилга иржээ. “МСS”, “Кока-Кола”-гийн дистрибьютер байсан учраас дор хаяад 3-4 сая доллар зарцуулагдах нөхцөлтэй уг тендерт оролцсоноор шалгарав. Дистрибьютер байсан учраас түгээх сүлжээтэй, хөрөнгийн чадавхитай, маркетинг сайтай гэх зэрэг үзүүлэлтээр шалгарсан тул байр саваа нэн тэргүүнд бэлэн болгов. “Ээрмэл”-ийн Мөнхжаргалаас байр худалдаж авсанаар үйлдвэрээ босгож, маркетингийн асуудлыг шийдэж чадсанаар хийжүүлсэн ундааны зах зээлийн 60-аад хувийг эзэлж чаджээ. Ж.Оджаргал “Хүн эхээс төрөхдөө нүцгэн ирдэг” гэж ярьдаг. Энэ нь насан турш­даа суралцана гэсэн үг. Тийм ч учраас дэлхийн шилдэг компаниудтай хамтран ажилласнаар их зүйлд суралцаж байгаагаа нуудаггүй. Тэрбээр компанийнхаа эрхэм зорилтыг “Дэлхийн хөгжлийг Монголд” гэж тодорхойлжээ. Үүнд ямар нэгэн тайлбар илүүц байх. Тэр Монгол улс дэлхий нийтийн жишгээр л хөгжинө гэж үздэг. Түүнээс биш зарим нэгэн онолчдын “Монголын онцлог” гэх зэрэг өөр замыг үгүйсгэдэг. Энэ ч утгаараа “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэсэн уриатай “Орчлон” дунд сургуулийг байгуулжээ. Уг сургуулийг эхнэр Батмөнх нь удирддаг бөгөөд хүүхдүүд нь ч тэнд суралцаж төгссөн. Сургууль шиг сургууль болгохын тулд орчин үеийн жишигт нийцсэн барилгыг өөрсдийн хүчээр барьжээ. Компани өргөжихийн хэрээр өөрийн гэсэн офисын барилгатай байх шаардлага урган гарлаа.

 

Ж.Оджаргал хотын төвд, гэхдээ ирээдүйгээ харсан томоохон барилга босгохыг хүсч байв. 1998 онд эхлүүлсэн “МСS Plaza”-гийн барилгыг хоёр жилийн дотор барьж дуусгасан юм. Хотын дарга байсан Ж.Наранцацралтаас газрын зөвшөөрлөө хуулийн дагуу авсан ч гэлээ Драмын театрын жүжигчид эсэргүүцэл, тэмцэл өрнүүлэн бөөн сүр дуулиан болж байсан санагдана. Гэвч сүүлдээ хэл ам намжсан төдийгүй “Irish pub”-ын барилгаа хүртэл хэл амгүйхэн нэмж барьсаныг бодоход мань эр театрын санд бага­гүй хөрөнгө оруулалт хийсэн юм шиг бодогддог. Магадгүй, үгүй ч байж болох. Гол нь үүнд биш хотын төвд өнгө үзэмж сайтай барилга босгож чадсандаа л үр дүн нь оршиж байгаа юм.

 

Мөн “МСS properties” гэдэг барилгын компани бай­гуулж “Орчлон“ сургуулийнхаа ойролцоо орон сууцны цогцолбор хороолол босгосноор барилгын салбарт бизнес эрхлэх болжээ. Ж.Оджаргалын хувьд компани болоод бизнесээ дэлхийн жишиг рүү хөтлөн явааг өмнө нь өгүүлсэн. Энэ нь ямархуу үр дүнтэй байгааг ганцхан жишээн дээр авч үзэж болно. Тухайлбал, Ази төдийгүй дэлхийд зартай “Тiger” шар айрагны компаниас өөрийнхөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлээч гэсэн саналыг авсан байдаг. Өмнө нь ч гэсэн АНУ-ын ЭСЯ-аас “Кока-Кола”-гийн тендерт оролцооч гэсэн санал тавьж байсныг дээр дурдсан. Энэ нь гадны том компаниуд Монголоос “MCS”-ийг тоож байна гэсэн үг. Одоо “Tiger” шар айрагны үйлдвэр нь ашиглалтад орчихсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ер нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “МСS” үйлдвэрийн томоохон хотхон босгохоор зураг төслийг нь хийгээд байгаа аж. Ж.Оджаргал “Шар айрагны 95 хувь нь ус байдаг. Тиймээс импортын шар айргийг зах зээлээс шахаж өрсөлдөнө” гэж ярьсан удаатай.

 

Энэ нь Монголоос урсан гарч буй валютын урсгалыг багасгана гэсэн үг билээ. Мөн гадны өндөр дээд хэмжээний зочид ирэхээр Монголд стандартын шаардлага хангасан таван одтой зочид буудал байдаггүй. Ёстой л нүүр улайх энүүхэнд. Тиймээс дээд зэрэглэлийн зочид буудал баривал ирээдүйтэй гэдгийг дотроо тооцоолон дэлхий даяар алдар­тай буудлын сүлжээнүүдийг сонирхож эхлэв. Тэрбээр бууд­лын менежментийг өөрсдөө хийж барахгүй гэдгийг сайн мэдэж байсан учраас дэлхийн шилдэг зочид буудлуудын удирдлагуудтай уулзалдах бодолтой байлаа. Тэгээд ч Дуу­рийн театрын өмнөх газрыг тендерт оролцож авчихаад байсан нь гадныхантай уулзахад нүүр бардам, дөхөмтэй байсан биз.

 

Ингээд дэлхийд алдартай олон ч буудлын сүлжээ эзэмшдэг бизнесмэнүүдтэй уулзаж ярилцав. Ихэнхдээ зөвшөөрч байсан боловч цаадуул нь “Бид менежментийг нь хийж, нэрээ өгье. Та нар хөрөнгө санхүүгээ өөрсдөө шийд” гэсэн хариу өгч байлаа. Тэгээд ч Монголд хөрөнгө оруу­лах эрсдэлтэй гэж гадныхан үздэг нь нөлөөлсөн байх талтай. Тиймээс бизнесийн орчныг нь сайн бүрдүүлж өгөх ёстой гэж үздэг юм билээ. Нийтлэлийн эхэнд “Шангри-Ла” буудлын сүлжээг эзэмшдэг “Кэри групп”-ын тэргүүн Боу Коктой хэрхэн уулзалдсаныг дурдсан. Ерөнхийдөө “Кэри групп”-ын тэргүүнтэй аман “хэлэлцээрт” хүрчихсэн учраас бичиг баримтаа бүрдүүлэн Малайз руу илгээжээ. Захидлын хариутай зэрэгцэн Боу Кок Монголд ирсэнээр хамтарсан компани байгуулж, “Шангри-Ла”-г босгох гэрээнд гарын үсэг зуралцсан юм.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай л харьцдаг эцэг, хүү Роберт Кок, Боу Кок нарыг 2.5 сая хүнтэй жижигхэн Монголд олон саяын хөрөнгө оруулахыг нь зөвшөөрүүлж чадсаныг бодохоор Ж.Оджаргал хүний эвийг гайхалтай олдог, харилцааны урлагийг төгс эзэмшсэн хүн гэдэг нь ойлгогдох байх.

Odjargal Jambaljamts, executive chairman of Mongolia Mining Corp., gives a thumbs up as he attends the listing ceremony for his company on the Hong Kong Stock Exchange on October 13, 2010. Mongolian Mining Corp. became the country’s first company to list in Hong Kong via a 650-million-USD share sale that underlines China’s avid demand for raw materials and energy. AFP PHOTO / MIKE CLARKE (Photo credit should read MIKE CLARKE/AFP/Getty Images)

 

Үнэхээр ч тэр ямагт инээмсэглэж явдаг бөгөөд ямар нэгэн ихэмсэг зан гаргах нь бүү хэл офистоо бусадтайгаа бараг л адилхан орчинд суудаг юм билээ. Энэ бол хоосон магтаал биш. Хэрэв та түүнтэй нэгэн цагт уулзах боломж тохиож гэмээнэ тэр инээмсэглэн угтах вий. Хаана ч байсан буу­далд хөрөнгө оруулахад зардлаа маш удаан нөхдөг гэдэг. Нэн ялангуяа Монгол шиг улирлын чанартай жуулчлал бүхий, жилдээ 350 мянгахан аялагч ирдэг оронд зардлаа нөхөх нь бэрхшээлтэй учраас “А” зэрэглэлийн бүсэд авсан газар дээрээ бизнес төвийн барилга босгож, “Шангри-Ла”-гаа өөр газар барихаар болжээ. Монголд хэдий ийм таагүй нөхцөлтэй ч тэрбээр “Явцдаа эдийн засаг өснө. Тэр чинээгээр Монголыг зорих  жуулчдын тоо саяар тоологдох болно” гэсэн итгэл сэтгэлтэйгээр энэ салбарт хүч үзэхээр шийджээ.

 

Ж.Оджаргал Эрчим хүчинд ажиллаж байсныхаа хувиар энэ салбарт бизнес эрхлэхгүй орхивол утгагүй хэрэг болно гэж үзэв. Ийм ч учраас “MCS интернэшнл” компанийг байгуулж, бүтээн байгуулалтын олон төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Ж.Оджаргал тендерийг хүмүүс буруу ойлгодогт ихээ­хэн гутрангуй явдаг аж. Хүмүүс тендерт оролцож ялахын тулд нэг даргад хэдэн төгрөгний хахууль өгөөд болчихдог юм шиг ойлгодогтой тэр хэзээ ч эвлэрдэггүй гэнэ. Тендерт оролцох төсөл боловсруулахын тулд өндөр мэдлэг, бо­ловсролтой олон хүний нөр их ажил ордог. Дараагаар нь төслийнхөө ажлыг хийж гүйцэтгэхэд мөн л өндөр хариуцлага шаардагддаг гэж үздэг. Гэхдээ тендерт бульхайтай аргаар ялдаг явдал байдгийг үгүйсгэдэггүй ч өөрөө энэ чиглэлээр мэргэшсэн Монголын анхны бизнесмэнүүдийн нэг болохоор “Ямар ч хэл ам гарч байсан эрчим хүчний салбарт ажиллах сонирхолтой” гэж ярьдаг.

 

Мөн гадаадын компаниуд төсөл авахад хэн ч, юу ч ярьдаггүй хэрнээ монголчууд тендерт ялахаар эгдүүцэж хорсдог тамын тогооны үлгэрээсээ салах хэрэгтэйг ч тэр хү­мүүст ойлгуулахыг боддог юм билээ. Бизнес гэхээр л бараа, бүтээгдэхүүн оруулж ирж зардаг гэсэн ойлголтоос ангижран, энэ ч утгаараа дэд бүтцийн салбарт Монголын компаниуд өргөн орох хэрэгтэй гэсэн бодолтой явдаг аж. Ж.Оджаргалд нэгэн чухал гэмээр зан байдаг нь алтан дундаж байхыг хүсдэггүй явдал. Архи үйлдвэрлэлээ гэхэд “АПУ”-тай өрсөл­дөх, буудал босголоо гэхэд “Шангри-Ла”-г сонгох, компьютер импортлоход алдарт “Dell”-ийг гээд л дандаа тэргүүн байрын төлөө өрсөлддөг дүр зураг тодрох вий. Тэгвэл тэр ноолуурын бүтээгдэхүүний бизнес рүү оройтож орсон хэдий ч ширүүхэн дайрч “Говь”-той өрсөлдөхүйц бүтээгдэхүүн дэлхийн зах зээл  дээр гаргахаар зүтгэж байна. “Монгол Амикал” гэж ноолуур боловсруулах үйлдвэр дампууран банкны барьцаанд хураагдсаныг авсанаар эцсийн бүтээгдэхүүн гаргах төсөл боловсруулан Италийн тоног төхөөрөмж суурилуулж үйлдвэрээ байгуулсан. “Гоёо” хэмээх гоёмсог нэр хайрласан үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээл дээр борлуулахын тулд маркетингийн чиглэлээр хөрөнгө мөнгө маш их зарцуулж байгаа. Энэ нь амжилтад хүрч “Гоёо” нь “Говь”-иос дутуугүй нэр хүндийг богинохон хугацаанд олж чадсан нь түүнтэй салашгүй холбоотой нь тодорхой. Түүний сэтгэлийг хамгийн их

зовоодог зүйл бол амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүмүүс олширсон явдал.

 

Монголд томоохон үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн өндөр чадавхитай үндэсний компаниуд олширч гэмээнэ улс хөгжинө гэж Ж.Оджаргал үздэг. Энэ том компаниуд дэд бүтэц, тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Эс тэгвэл хөнгөн салбарыг үндэсний компаниуд хийж гүйцэтгээд дэд бүтцийн томоохон салбарт гадныхан эсвэл төр оролцдог явдлыг таслан зогсоож, улсын ачааг хөнгөлөх ёстой гэж үзэж байгаа аж. Энэ ч утгаараа “МСS” “Таван толгой”-г эзэмшиж буй “Энержи ресурс”-т багтдагийнхаа хувиар цаг алдалгүйгээр хүч сорихыг хүсч буйгаа ярьдаг. Уул уурхай шавхагддаг, ирээдүй муутай бизнес учраас эндээс олсон мөнгөө байнгын орлого олох салбарт оруулсанаар улс орны ирээдүйг эрүүл саруулаар шийдэж чадна гэж энэ эрхэм бодож явдаг юм. Мөн “МСS групп” томоохон компаниудаас багагүй хувь эзэмшдэг.

 

Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны таван хувь, “Скайтел”-ийн 22 хувийг эзэмшдэг бол үүрэн телефоны гу­равдагч оператор “Юнител”-ийг “MCS групп” хөрөнгө оруулж бий болгосон аж. Үүн дээр мөн л өвөрмөц шийдэлтэй рек­ламыг нь дурсахгүй өнгөрч болохгүй. Энэ бүх санааг түүний ах Ж.Од нь гаргадаг хэмээн ярилцдаг. Тэрбээр ахыгаа торгон мэдрэмжтэй, өндөр боловсролтой хүн гэж ярьдагийг бодохоор дээрх яриаг үгүйсгэх аргагүй. Түүний бодлоор аливаа байгууллага үнэт зүйл, баримтлах зарчмаа зөв тодорхойлсон байх хэрэгтэй бөгөөд Ж.Оджаргал өөрөө хэлсэн үгэндээ эзэн байхыг эрмэлзэж, бусдыг хууран мэх­лэхийг үзэн яддаг. Түүнчлэн зөвхөн өөрөө баяжих бус бү­тээн байгуулалтаасаа ч таашаал хүртдэг байх ёстой гэнэ. Тэгэхлээр мөнгө түүний хувьд хэзээ ч эрхэм зорилго нь биш болжээ. Ер нь зөв, хүнд хэрэгтэй зүйл хийвэл ашиг, ор­лого аяндаа орно гэж үздэгтэй нь маргах хүн гарахгүй биз. Тэр ард түмний амьдрал сайжирч гэмээнэ бизнес ашиг, орло­гоо илүү их өгнө гэж үздэг учраас ажлын байр олноор бий болгох, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг тэр хэрээр нь шийдэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Ж.Оджаргал нийгэм рүүгээ хандсан олон ажилд хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг.

 

Харин үүнийгээ гоёчилж, “буянтан”-ы дүр эсгэдэггүй­гээрээ бусад бизнесмэнүүдээс ялгаатай байх гэж бодно. Ж.Оджаргал “Том компаниуд нийгэм болоод буяны салбарт хөрөнгө зарцуулах ёстой. Тэр чинээгээрээ ашгаа олно. Өөрөөр хэлбэл, компанийн имидж бүрдүүлж буй явдал” гэж ний нуугүй ярьдаг. Тухайлбал, “МСS” компани эмнэлэг барих төсөл боловсруулаад хэзээ мөдгүй хэрэгжүүлэх гэж байна.

 

Мөн боловсролын салбарыг хөгжүүлэхгүй бол улс орон хөгжихгүй гэдэгтэй тэр эвлэрдэг. Хүүхдүүдээ гол нь зөв хүн болгохыг эрхэмлэж явдаг агаад компани, бизнесээ заавал өвлүүлнэ гэдгийг тэр таашаадаггүй. Мэдээж хэрэг өндөр боловсрол эзэмшээд зөв явбал өвлүүлэх боловч хүүхдэд ийм мессежийг эрт өгсөнөөр эвдэх, санаа  сэтгэлийг нь амрааж цагаас нь өмнө цатгалдуулах аюултайг тооцсон юм шиг санагддаг.

 

Түүнийг улс төрчидтэй холбон, “МСS”-ийн тодорхой хувийг эзэмшдэг улс төрчид бий гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр олонтаа гардаг. Магадгүй, сонин хэвлэлээр гарч буй “MCS”-ээс хувь эзэмшдэг улс төрчдийн нэрсийг жаг­саавал гарын арван хуруунд ч багтахгүй байх. Тэрбээр үүнд хариулт өгөхдөө “Сонинд бичигдэж байгаагаас харахад надад бараг хувь үлдэхгүй нь бололтой. Надад улс төрч найз бий. Багаасаа нөхөрлөж байгаад улс төрд орохоор нь орхилтой биш. Ганц ч улс төрч “МCS”-ээс хувь эзэмшдэггүй” гэсэн юм.

Гэхдээ улс төрчидтэй ойлголцдог байх ёстой гэж Ж.Од­жаргал үздэг. Том бизнес хийхэд том л хүнтэй ярьж байж хийнэ. Төрөөс хувийн хэвшилд ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй бол хөгжихгүй учраас тэр гэнэ. Түүнийг сонгуулийн үеэр хоёр том намд хоёуланд нь хандив өгдөг гэж яригддаг. Энэ тухай асуухад тэр огтхон ч үгүйсгээгүй бөгөөд “Ер нь Америк болоод бусад оронд ч ийм байдаг шүү дээ” гэж хариулсан билээ. Түүгээр ч үл барам зөвхөн МАХН, АН хоёрт ч бус шаардлагатай гэж үзвэл бусад намуудад ч гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ үгүйсгэхгүй байгаа энэ эрхэм намын харъяалал үл харгалзан улс орондоо юм хийж, бүтээх гэсэн зөв хүмүүсийг улс төрд ороход нь дэмжинэ гэдгээ нуухгүй байна лээ. Үүнээс тэр огтхон ч зовдоггүй.

 

Зөв хүмүүс төрд гарсанаар улс орноо хөгжүүлж чадна гэж үзэж байгаатай нь маргах хүн гарахгүй биз. Зах зээлд дөнгөж шилжээд байсан шинэ Монголд бизнес гэдэг зөвхөн Эрээнээс бараа зөөж, тарваганы арьс гаргах явдал биш гэдгийг харуулж чадсан энэ эрхэмийн хүсэл мөрөөдөл, оюун ухааны хүчээр 2600 ам бүлтэй “МCS” хэмээх айл жилдээ 30 илүү тэрбум төгрөгний татвар улсдаа тушааж, хувийн хэвшилдээ манлайлж байна. Ганцхан энэ тоо л бизнесийг уран барилгатай зүйрлэдэг түүнийг хэр гоёмсог бас удаан настай харш босгосныг нь гэрчилнэ. Та шөнө дүлээр “МСS Plaza”-гийн өмнүүр өнгөрч байхдаа нэгэн цонх гэрэлтэй байхыг олж харах болно. Уг цонхны цаана суугаа нойр нь хулжсан хүн бол “MCS групп”-ын ерөнхийлөгч Жам­балжамцын Оджаргал билээ.

CRI Монгол радио2 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио11 цаг өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио22 цаг өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий1 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр1 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий1 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий1 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр2 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент2 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий2 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр2 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий3 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа